Монгол Улсад Барилгын салбар үүсч хөгжсөний 92 жилийн ойн хүрээнд "Барилга, хот байгуулалтын сайдын нэрэмжит цом 2018" спортын 5 төрөлт тэмцээн 2018.09.12-16-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээний нээлтийн арга хэмжээнд Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Монголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч М.Батбаатар болон бусад албаны хүмүүс оролцлоо. Спортын тэмцээнийг нээж Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан үг хэллээ. Тэрээр "Уг тэмцээийг зорин ирсэн барилга, орон сууц, нийтийн аж ахуй, газрын албаны төрийн болон төрийн бус байгууллагын баг, тамирчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Барилгын салбар нь бүтээн байгуулалтын хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг билээ. Өнөөдөр энэ том салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд цуглан хүч, авъяас чадвараа сорих гэж байгаад хувийн зүгээс баярлаж байна. Учир нь спорт гэдэг нь нөхөрлөл, харилцаа холбоо, эв нэгдэл, эрүүл чийрэг бие бялдарын билэгдэл юм. Энэ утгаараа та бүхнийг нөхөрлөөсэй, харилцаа холбоо хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлээсэй, амралтын өдрүүдийг эрүүл чийрэг өнгөрүүлээсэй гэж хүсч тус яамнаас энэхүү тэмцээнийг анхлан зохион байгуулж байна. Та бүхэн тэмцээндээ идэвхитэй оролцоорой. Бүх баг тамирчиддаа амжилт хүсч, эрүүл энхийг хүсэн ерөөе" гэлээ. Тус тэмцээнд Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодизи, зураг зүйн газар, Барилгын хөгжлийн төв, Төрийн орон сууцны корпораци, Нийслэлийн газрын алба, Ус сувгийн удирдах газар, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Төрийн бус байгууллагуудын түншлэл, Гэр хорооллын дэд бүтцийн газар, Архитеторуудын эвлэл зэрэг нийт 10 байгууллага өрсөлдлөө.