“ИХ БАРИЛГА-90” НИЙСЛЭЛИЙН БАРИЛГЫН САЛБАРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН

 Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойд зориулсан “Их барилга-90” нийслэлийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн шигшээ багийн тамирчид түрүүлж, цом, алтан медалийн эзэд боллоо.

Монголын барилгачдын холбоо, Монголын барилгачин залуучуудын холбооноос зохион байгуулсан уг тэмцээний ангилал тус бүр дээр шалгарсан шилдэг багуудад 2016 оны нэгдүгээр улиралд болох улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгосноороо онцлог байв. Тиймээс ч барилгын салбарын төрийн захиргаа, аж ахуй нэгж, байгууллагууд, Барилгачдын холбооны гишүүд, мэргэжлийн холбоодын залуучууд, ажилтан, албан хаагчдаас бүрдсэн 45 шилдэг багийн тоглолт бүр тун өрсөлдөөнтэй болсон юм.
 
Ийнхүү “Алдар” спорт хороонд хоёр өдрийн турш үргэлжилсэн “Их барилга-90” сагсан бөмбөгийн тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Монголын барилгын салбарын тэргүүлэх нэгдэл Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн баг тамирчид түрүүлж, цом, алтан медалийн эзэд болсон бол мөнгө, хүрэл медалийн эздээр “Нийслэл өргөө” ХХК, “Цонх констракшн” ХХК-ийн багууд шалгарлаа. Харин эмэгтэйчүүдийн ангилалд “Эко констракшн” ХХК, “DUCAT” ХХК, “Бүтээгч” ХХК-ийн багууд тэргүүлэв.
Дашрамд дурдахад, “Их барилга-90” нийслэлийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээний шилдэг тоглогчоор Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн гишүүн болох “Улаанбаатар барилга” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “НОБЭ” компанийн инженер А.Мягмарсүрэн тодорсон юм.

  • Сүүлийн мэдээ
  • Үйл явдал