Орон сууцны ипотекийн зээлийн баталгааны журам

 МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

Дугаар 296
 
ЖУРАМ БАТЛАХ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
 
Орон сууцны тухай хуулийн 6.1.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
 
1. “Орон сууцны ипотекийн зээлийн баталгааны журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Засгийн газрын 2013 оны 200 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”-ын 2.2-т “Ипотекийн зээлийн хугацаа нь 20 хүртэл жил байна.” гэсний дараа Засгийн газрын 2015 оны 256 дугаар тогтоолд заасны дагуу худалдан авсан орон сууцны үнийн дүнгийн 20 хүртэлх хувь нь зээлийн баталгаанд хамрагдсан иргэний ипотекийн зээлийн хугацаа нь 30 хүртэл жил байна.” гэж нэмсүгэй.
3. Орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газрын     2013 оны 200 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”-ын 2.1 дэх заалтад өөрчлөлт оруулах талаар санал боловсруулж, 2015 оны 10 дугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нарт даалгасугай.
4. Орон сууцны ипотекийн зээлийн баталгааны журмын талаар нийтэд мэдээлэх, сурталчлах арга хэмжээ авч, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нарт үүрэг болгосугай.
 
Монгол Улсын Ерөнхий сайд                                                 Ч.САЙХАНБИЛЭГ
Барилга, хот байгуулалтын сайд                                          Д.ЦОГТБААТАР
 
ОРОН СУУЦНЫ ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ЕРӨНХИЙ ЖУРАМ
 
  Нэг. Нийтлэг үндэслэл  
   
 1.1.  Энэ журмын зорилго нь Засгийн газрын 2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 135 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын иргэд (цаашид “Зээлдэгч” гэх)-д олгох орон сууцны ипотекийн зээлийн нөхцөлийг тогтооход оршино.    
 1.2. Энэ журмаар олгох ипотекийн зээлийг Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүд, заавал байлгах нөөцийн шаардлагыг ханган ажиллаж буй банкаар дамжуулан олгоно.      
1.3. Энэ журмын дагуу инженерийн дэд бүтэц (цахилгаан, дулаан, ус, ариутгах татуурга, холбоо дохиолол)-д бүрэн холбогдсон, эрх бүхий байгууллагын шийдвэрээр ашиглалтад хүлээн авсан шинэ орон сууц (цаашид “шинэ орон сууц” гэх) болон инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдсон, барилгын техникийн хяналт хэрэгжүүлэгч байгууллагын шийдвэрээр ашиглахыг хориглоогүй, ашиглагдаж байгаа хуучин орон сууц (цаашид “хуучин орон сууц” гэх) худалдан авах хүсэлтэй Монгол Улсын иргэдэд орон сууцны ипотекийн зээлийг олгоно.      
1.31. Аймаг, сумын төвийн батлагдсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, орон сууцны хотхон, хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдсан, дэд бүтэц (цахилгаан, дулаан, ус, ариутгах татуурга)-ийн шийдэл бүхий амины орон сууцыг худалдан авах иргэд болон хот төлөвлөлт, барилгын норм, дүрэм, стандартын шаардлагад нийцүүлэн өөрийн өмчлөлийн газар дээр амины орон сууц шинээр барьсан иргэдэд энэхүү зээлийг олгоно. /ЗГ-ын 2014-5-10-ны 151-р тогтоолоор нэмсэн/    
 1.4. Энэ журмын дагуу олгох ипотекийн зээлийн үйл ажиллагаа нь Монголбанкнаас баталсан “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам” болон тухайн банкны энэ журамд нийцүүлэн баталсан зээлийн үйл ажиллагааны журмын дагуу хэрэгжинэ.      
1.5.  Энэхүү журам нь Ипотекийн санхүүжилтийн тогтолцооны бүрдэл хэсэг болно.  
 
Хоёр. Зээлийн ерөнхий нөхцөл    
 
 2.1. Зээлээр худалдан авах нийтийн зориулалттай орон сууцны нийт талбайн хэмжээ нь 80 м2-аас дээшгүй байх бөгөөд орон сууцны нийт талбайн хэмжээг “Орон сууцны барилгын доторхи сууцны талбай тооцох аргачлал” MNS 6058:2009 стандартын дагуу тооцно. /ЗГ-ын 2014-5-10-ны 151-р тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон/    
 2.2. Ипотекийн зээлийн хугацаа нь  20 хүртэл жил байна. Засгийн газрын 2015 оны 256 дугаар тогтоолд заасны дагуу худалдан авсан орон сууцны үнийн дүнгийн 20 хүртэлх хувь нь зээлийн баталгаанд хамрагдсан иргэний ипотекийн зээлийн хугацаа нь 30 хүртэл жил байна. /ЗГ-ын 2015-7-7-ны өдрийн 296-р тогтоолоор 2 дахь өгүүлбэрийг нэмсэн/    
 2.3. Ипотекийн зээлийн хүү жилийн 8 (±1) хувь, аймаг, сумын иргэдийн хувьд 7(±1) хувь байх бөгөөд жилийн инфляциас хамаарч өөрчлөгдөж болно. Ипотекийн зээлийн хүү нь Засгийн газар, Монголбанк хооронд байгуулсан "Ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох талаар хамтран ажиллах санамж бичиг"-ийн хүрээнд батлах "Ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох журам"-ын дагуу тодорхойлогдоно. /ЗГ-ын 2014-5-10-ны 151-р тогтоолоор нэмэлт орсон/      
2.4. Орон сууцны урьдчилгаа төлбөрийн хэмжээ орон сууцны үнийн дүнгийн 10-30 хувь хүртэл байна. Зорилтот бүлэгт үзүүлэх урьдчилгаа төлбөрийн хувь хэмжээний хөнгөлөлтийн нөхцөлийг Засгийн газар тусгайлан тодорхойлно.    
2.5. Зээлдэгч өөрийн өмчлөлд байгаа хуучин орон сууцаа барьцаалан зээл авч, энэ журмын дагуу олгох орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг төлж болно.      
2.6. Зээлдэгчийн өр, орлогын харьцаа нь Монголбанкнаас баталсан “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-д зааснаар татварын өмнөх орлогын 45 хувиас ихгүй байна.      
2.7. Зээлийн барьцаа нь энэ журмын 2.5-д заасан хуучин орон сууц болон энэ журмын дагуу олгосон зээлээр худалдан авах орон сууц байна.      
2.8. Зээлдэгч орон сууцны ипотекийн зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө урьдчилан бүрэн төлж болно.      
2.9.  Энэ журмаар олгох зээл нь бүрэн хорогдох, тогтмол хүүтэй зээл байна.    
2.10. Өмнө нь олгосон орон сууцны ипотекийн зээлийг энэ журмын дагуу олгох орон сууцны ипотекийн зээлд шилжүүлж, зээлийн дахин санхүүжилт хийж болно.      
2.11. Банк амины болон нийтийн зориулалттай орон сууцны зээлийн дахин санхүүжилт хийхдээ дараахь зарчмыг баримтална: /ЗГ-ын 2014-5-10-ны 151-р тогтоолоор нэмэлт орсон/          
2.11.1. дахин санхүүжилтийн хэмжээ өмнөх орон сууцны ипотекийн зээлийн өрийн үлдэгдлээс ихгүй байх;          
2.11.2. дахин санхүүжилт хүсэгч зээлдэгч нь зээлийн нөхцөлийн болон зээлдэгчийн шалгуур, барьцаа хөрөнгийн шалгуурыг тус тус хангасан байх;          
2.11.3. дахин санхүүжилт хүсэгч зээлдэгч нь сүүлийн 6 сарын хугацаанд зээлийн сайн түүхтэй, зээлийн эргэн төлөлт нь хэвийн ангилалд байх;          
2.11.4. дахин санхүүжилтээр олгож байгаа орон сууцны ипотекийн зээл нь бүрэн хорогдох, тогтмол хүүтэй байх.      
2.12. Энэ журмын 3.1.3, 3.1.4-т заасны дагуу олгосон орон сууцны ипотекийн зээлийн өрийн үлдэгдлийг энэ журмын дагуу олгох зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэхгүй.    
2.13. Нийтийн зориулалттай орон сууцны ипотекийн зээлээс бусад ипотекийн зээлийг дахин санхүүжүүлэхгүй./ЗГ-ын 2014-5-10-ны 151-р тогтоолоор энэ хэсгийг хассан/  
 
Гурав. Зээлдэгчид тавих шалгуур үзүүлэлт    
 
 3.1. Энэ журмын дагуу орон сууцны ипотекийн зээл авах хүсэлт гаргаж байгаа иргэн дараахь шаардлагыг хангасан байна:          
        3.1.1. Монгол Улсын иргэн, 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай байх;          
        3.1.2. банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өргүй, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй                           байх;          
       3.1.3. өрхийн  гишүүний аль нэг нь Засгийн газрын 2009 оны 368 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчдыг орон сууцны зээлд хамруулах журам”-ын дагуу авсан орон сууцны ипотекийн зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;          
      3.1.4. өрхийн1 гишүүний аль нэг нь Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд (хуучнаар), Сангийн сайд, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 45/49/А-108 дугаар хамтарсан тушаал, захирамжаар баталсан “Иргэдийг жилийн 6 хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах харилцааг зохицуулах журам”-ын дагуу авсан орон сууцны ипотекийн зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;        3.1.5. барьцаалбар үйлдсэн байх.    
 3.2. Энэ журмын дагуу олгох ипотекийн зээлийн барьцаа болох орон сууц нь дараахь шаардлагыг хангасан байна:        
   3.2.1. Монгол Улсад байршилтай, нийтийн зориулалттай орон сууц эсхүл аймаг, сумын төвийн батлагдсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, орон сууцны хотхон, хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдсан, дэд бүтэц (цахилгаан, дулаан, ус, ариутгах татуурга)-ийн шийдэл бүхий амины орон сууц мөн хот төлөвлөлт, барилгын норм, дүрэм, стандартын шаардлагад нийцүүлэн тухайн иргэний өөрийнх нь өмчийн газар дээр баригдсан, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, дэд бүтэц (ус, дулаан, цахилгаан, ариутгах татуурга)-ийн шийдэл бүхий амины орон сууц байх; /ЗГ-ын 2014-5-10-ны 151-р тогтоолоор нэмэлт орсон/          
   3.2.2. нийтийн зориулалттай орон сууцны хувьд нийт талбай нь 80 м2-аас дээшгүй орон сууц байх; /ЗГ-ын 2014-5-10-ны 151-р тогтоолоор нэмэлт орсон/          
     3.2.3. инженерийн дэд бүтэц бүрэн холбогдсон, эрх бүхий байгууллагын шийдвэрээр ашиглалтад хүлээн авсан шинэ орон сууц байх;    3.2.4. инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдсон, барилгын техникийн хяналт хэрэгжүүлэгч байгууллагын шийдвэрээр ашиглахыг хориглоогүй, ашиглагдаж байгаа хуучин орон сууц байх;          
     3.2.5. Монголбанкнаас баталсан “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-д заасны дагуу хөрөнгийн болон амь насны даатгалд хамрагдсан байх;          
    3.2.6. эрх бүхий байгууллагын шийдвэрээр ашиглалтад хүлээн авсан, эд хөрөнгө өмчлөх болон эд хөрөнгийн бусад эрхийн талаар гуравдагч этгээдэд шаардах эрх үүсээгүй байх;          
   3.2.7.  банк ипотекийн зээлийн барьцаа болж байгаа орон сууцны чанар, ашиглалтын байдал, барьцаагаар үүргийн гүйцэтгэл хангуулах нөхцөлтэй холбоотой нэмэлт шаардлага тавих эрхтэй байна.  
 
Дөрөв. Бусад  
   
4.1.  Энэ журмын хэрэгжилтэд орон сууцны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, сангийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага тус тус хяналт тавьж ажиллана.      
4.2. Энэ журмын заалттай холбоотой маргааныг талууд харилцан тохиролцож шийдвэрлэх бөгөөд нэгдсэн шийдвэрт эс хүрвэл Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.      
4.3. Энэ журмыг зөрчсөн этгээдэд Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ. 
  • Сүүлийн мэдээ
  • Үйл явдал