“Дахин боловсруулах”, “нөхөн сэргээх”, “хүрээлэн буй орчинд ээлтэй” зэрэг “эко” нэр томъёонууд сүүлийн үед өргөн хэрэглэгдэх болжээ. НҮБ-ын Ерөнхий Ассамблейгээс гаргасан Тогтвортой Хөгжлийн Зорилт-2030 ч эдгээр чиг хандлагуудтай нягт уялдаж байна. Манай оронд холбогдох салбарынхан уг нэршлүүдийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхлэн, олон төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаагийн нэг нь “Монгол улсын барилгын салбарын нөөцийн үр ашигтай байдал, цэвэр үйлдвэрлэлийг дэмжих” (2016-2020) төсөл юм. Каритас Чех Репаблик, Чехийн олон улсын байгууллагын санаачилсан уг төсөл нь Европын Холбоо, Чехийн Хөгжлийн Агентлагийн санхүүжилттэйгээр, Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Монголын Хог Хаягдлыг Дахин Боловсруулах Үндэсний Холбоо ТББ-ын хамтын ажиллагаатайгаар хэрэгжиж байна.
Монгол дахь барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг нөөцийн үр ашигтай байдал, тогтвортой цэвэр үйлдвэрлэл, хэрэглээг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой энэхүү төслийн хүрээнд 10-р сард ШУТИС, Монголын Барилгачдын Нэгдсэн Холбооны төлөөллүүдээс бүрдсэн баг Нидерланд улсын Дельфт хотын Дельфтийн Технологийн Их Сургуульд (ДТИС) айлчилж ирээд байна. 3 долоо хоног үргэлжилсэн уг сургалтын хүрээнд оролцогчид хог хаягдлын менежментийн сайн туршлага, тухайлбал хог хаягдлыг хэрхэн багасгах, дахин ашиглах, нөөцийн тогтвортой аргаар хэрэглэх талаар судлахын зэрэгцээ хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчныг хамгаалахад олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхийн ач холбогдлыг судалсан юм. Дахин боловсруулах салбарт Европтоо төдийгүй дэлхийд тэргүүлдэг Нидерланд улсад барилгын хог хаягдлыг ялгаж ангилах, нийт хог хаягдлыг бууруулах, хүрээлэн буй орчин болон нийгэмд ээлтэй, үр дүнтэй стратегиудийг боловсруулж, барилга болон барилга буулгалтын компаниуд үүнийг нь амжилттай хэрэгжүүлээд олон арван жил болж байна.
Онолын хэсэг, лабораторийн ажил, практик дадлага гэсэн үндсэн 3 хэсгээс бүрдсэн уг сургалтын үеэр ДТИС-ийн эрдэмтэн, профессорууд олон шинэ технологийг танилцуулсан юм. Тухайлбал лабораторийн сургалтаар хуучин барилгаас гарсан бетон, эвдэрсэн тоосго гэх мэт хаягдлыг буталж, ширхэгээр нь дахин ашиглах боломжтой байдлаар нь шууд ялгаж, ангилдаг шинэ технологи болох ADR (Advanced Dry Recovery ) тоног төхөөрөмжийг ашиглах туршилтыг хийсэн байна. ДТИС-ийн хамт олон уг төхөөрөмжөөс гадна жижиг шатаах зуух, салхижуулалт, шүүлтүүр бүхий HAS, лазерийн тусламжтайгаар чанарын шинжилгээ хийх хянах самбар LIBS зэрэг тоног төхөөрөмжүүдээс бүрдсэн C2CA (Concrete to Cement Aggregate) технологио тус улсын Роттердам хотод болсон “Инноваци Экспо 2018”-д танилцуулсан юм. Энэ мэтчилэн технологийн шилдэг хөгжлөөс суралцах зүйл сургалтанд оролцогчдод их байлаа.
Хотжилт тэлж, хүн амын өсөлт эрчимтэй явагдаж буй манай улсад дэвшилтэт техник, технологи, аргуудыг нэвтрүүлж, орчин үеийн чиг хандлагатай мөр зэрэгцэх, байгаль, хүрээлэн буй орчин, олон нийтэд ээлтэй орчинг бий болгох хэрэгцээ зайлшгүй бий болж, бид шийдлийг бодит ажил болгох шаардлага тулгарч байна.
Нидерландаас олж авсан мэдлэг, туршлагаа барилгын салбарын 400 гаруй ЖДҮ эрхлэгчдэд түгээж, чадавхийг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулахаар төслийн багийнхан ажиллаж байна. Эдгээр сургалтын эхний хэсэг энэ 11 болон 12 сард зохион байгуулагдах гэж байгаа бөгөөд сонирхсон хүмүүсийг сургалтанд хамрагдахыг урьж байна.
Төслийн хүрээнд цаашид олон үйл ажиллагааг зохион байгуулах ба төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авах, хамтарч ажиллахыг сонирхсон талууд Каритас Чех Репаплик байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын 70135899 утас руу болон Caritas Czech Republic Mongolia Facebook хуудас руу хандаж болох юм.

Бэлтгэсэн: Н. Үүрийнцолмон, Каритас Чех Репаблик ОУБ